ЭМДҮЗ 2025 оны төсөвт өөрчлөлт оруулж хүүхдийн тусламжид 8 тэрбум төгрөг зарцуулахаар болов
2025-12-26 14:011min

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2025 оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулж, хүүхдийн төрөлжсөн тусламжид квотоор хязгаарлахгүйгээр 8 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ.
Засгийн газрын чиглэлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн (ЭМДС) 2025 оны төсвийн нарийвчилсан хуваарьт өөрчлөлт оруулж, цаг үеийн шаардлагатай зохицуулалтыг баталлаа.
Хурлаар хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг квотоор хязгаарлахгүй байх шийдвэр гаргасан бөгөөд эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний төсвөөс 8 тэрбум төгрөгийг 2025 оныг дуустал хүүхдэд зориулан зарцуулахаар тогтов.
Тус 8 тэрбум төгрөгийг архаг өвчний улмаас тусламж авах шаардлагатай 1250 орчим хүүхдийн мэс заслын болон 1100 орчим хүүхдийн дотрын эмчилгээнд зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
