УГТЭ 2025 онд зүрх судасны мэс заслын дөрвөн шинэ технологийг нутагшууллаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлж, бүрэн нутагшуулсан байна. Энэ нь гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай иргэдийн урсгалыг бууруулахад бодитой нөлөө үзүүлж байна.
Тус эмнэлэг 2025 онд нийт 1206 хүнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс 191 хүнд зүрхний төрөлхийн гажгийн нээлттэй мэс засал хийсэн бөгөөд нийт мэс заслын 18.7 хувь буюу 226 нь 0-16 насны хүүхдэд хийгдсэн байна.
Монгол Улсад анх удаа титэм судасны эмгэгтэй хавсарч, гол судасны хүнд хэлбэрийн хуулрал, нарийслын үед хиймэл хавхлагаар солихгүйгээр өөрийн хавхлагыг хадгалан нөхөн сэргээх мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ. Хүүхдийн зүрхний хавхлага болон гол судасны хэмжээ жижиг тул хиймэл хавхлага хэрэглэх боломж хязгаарлагдмал байдаг бөгөөд энэ нөхцөлд хавхлагыг засах, нөхөн сэргээх мэс засал гол сонголт болдог.
“Бо-Ян” техник ашиглан механик протезоор солих мэс заслыг УГТЭ-ийн зүрх судасны мэс заслын баг анх удаа Монгол Улсад нэвтрүүлсэн байна. Мөн митрал хавхлагыг минимал инвазив аргаар солих, халдварт эндокардитийн үед минимал инвазив хүрцээр мэс засал хийх технологийг БНСУ-ын зочин профессорын багтай хамтран анх удаа амжилттай хийжээ.
Энэхүү технологи нь өвчтөний эмнэлэгт хэвтэх хугацааг 2-3 хоногоор богиносгож, шархны эдгэрэлтийг түргэсгэх давуу талтай юм.
УГТЭ нь цаашид зүрх судасны мэс заслын өндөр түвшний лавлагаа тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, иргэдийг эх орондоо чанартай, аюулгүй, эдийн засгийн дарамтгүй, эрүүл мэндийн даатгалаараа эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ажиллаж байна.
