Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг зориуд онилсон залилангийн гэмт хэрэг нэмэгджээ

Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг зориуд онилсон шинэ төрлийн залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Гэмт этгээдүүд баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй үйлчлүүлэгчдийг гадаа нь бэлэн такси мэтээр хүлээж, зорьсон газарт нь хүргэж өгдөг. Тухайн үед төлбөрийг ПОС машинаар төлүүлэх нэрийдлээр иргэний банкны картыг авч, өөр ижил төрлийн картаар сольж, нууц кодыг нь мэдэж авсны дараа тухайн иргэний данснаас мөнгө залилж авдаг гэмт хэрэг гарчээ.
Энэхүү гэмт хэрэг нь ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомж сул, танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг зориуд онилж үйлдэгдэж байна.
Иймээс иргэдэд албан ёсны такси үйлчилгээ ашиглах, банкны картаа бусдад гардуулж өгөхгүй байх, ПОС машинаар төлөхдөө төлбөрийн үйл явцыг өөрөө хянах, нууц кодоо хэнд ч хэлэхгүй байхыг зөвлөж байна. Мөн сэжигтэй тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нэн даруй мэдэгдэхийг анхааруулж байна.
