Ерөнхий сайд Г.Занданшатар ашигт малтмалын лицензийн тооллого, АМНАТ төлөлтийг шалгахыг үүрэг болгожээ

2025-12-25 16:011min
20251225-160130-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тооллого, АМНАТ төлөлтийг шалгах ажлын хэсгийг байгуулж, улс төрчдийн хамаарлыг тодорхойлох судалгаа үргэлжилж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх, АМНАТ төлөлтийг шалгах ажлын хэсгийг 2025 оны 8 дугаар сарын 27-нд байгуулсан.

Ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд лицензийн тооллогын явцын талаар танилцууллаа. 1994 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш нийт 18,412 лиценз олгогдсон бөгөөд үүний 15,235 нь хайгуулын, 3,177 нь ашиглалтын лиценз байна.

Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр 2,775 лиценз байгаа бөгөөд үүний 1,768 нь ашиглалтын, 1,007 нь хайгуулын лиценз юм. Эдгээр лицензийг 1,772 аж ахуйн нэгж, хуулийн этгээд эзэмшиж байна.

Тооллогын урьдчилсан дүнгээр нэг компани дээд тал нь 97 лиценз эзэмшиж, бусдад шилжүүлсэн тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар нэг аж ахуйн нэгж дээд тал нь 26 хүчин төгөлдөр лицензтэй байна.

Ажлын хэсэг лицензийн тооллогыг дуусгаж, эзэмшигчдийн хамаарлыг тодорхойлох судалгааг үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогоор улс төр, бизнес, гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хамаарал бүхий 500 гаруй компанийг илрүүлжээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн нийт өр 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд 496 компани АМНАТ-ийн өртэй байна. Уул уурхайн салбарын татварын өртэй хуулийн этгээдийн гуравны нэг нь АМНАТ төлөөгүй байгаа нь өрийг төлөхгүй байх боломжийг бий болгож байна гэж ажлын хэсэг дүгнэжээ.