Б.Батцэцэг гадаад харилцааны салбарт “Хүндэт доктор” цол хүртэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын харилцааны дээд сургуулиас “Хүндэт доктор” цол хүртлээ. Тэрбээр уг цолыг өөрийн төрсөн сургууль болох МУИС-ийн Олон Улсын харилцааны дээд сургуулийн ууган төгсөгч, мөн тус сургуулиас төрөн гарсан анхны Гадаад харилцааны сайдын хувьд хүлээн авсан гэдгээ онцолсон байна.
Б.Батцэцэг сайд энэхүү хүндэтгэлийг эх орон, дэлхий ертөнцийг танин мэдэх үзэл санаа, үнэт зүйлсийг төлөвшүүлсэн эрдэмт багш нар, хамт суралцсан үе тэнгийнхэн, МУИС-ийн олон жилийн баялаг түүх, нэр хүндийн илэрхийлэл хэмээн хүлээн авч буйгаа илэрхийлжээ.
Мөн тэрбээр залуу үеийн боловсрол, гадаад харилцааны салбарыг үндэсний чадварлаг мэргэжилтнүүдээр бэхжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулах урам зориг, үүрэг хариуцлага хэмээн ухамсарлаж байгаагаа тэмдэглэжээ.
