Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ойд зориулсан “Эрдэнэс Тавантолгой” сэдэвт марк нээлтээ хийв

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдөр 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” сэдэвт марк нээлтээ хийлээ.
“Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн, Ахмад дипломатч, маркийн зөвлөх О.Батсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд маркийн нээлтийн арга хэмжээнд оролцсон.
2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ ойд зориулан тус компанийн үйл ажиллагааг илтгэсэн марк бүтээж, өнөөдрөөс эхлэн Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.
Марк нь тусгай технологиор бүтээгдэж, зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан юм.
Уурхайчдын баярын өдрийн хүрээнд нийт уурхайчид болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд баярын мэнд хүргэж байна.
