Хөгжлийн банкны бүтэц, орон тоог шинэчлэн цөөлөх шийдвэр гаргалаа

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа.
Банкны үйл ажиллагааны өнөөгийн цар хүрээ, санхүүгийн нөхцөл байдал, хүний нөөцийн чадавх, ажилтнуудын ур чадварыг цогцоор нь үнэлсний үндсэн дээр банкны цаашдын зорилго, зорилттой уялдуулан орон тооны дээд хязгаарыг тогтоосон байна. Энэхүү арга хэмжээ нь банкны үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, засаглалын чанарыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.
Бүтцийн шинэчлэлийн хүрээнд банкны нийт орон тоог цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 гаруй хувиар бууруулах шийдвэр гаргасан байна. Энэ өөрчлөлтийн үр дүнд Хөгжлийн банк 2026 он гэхэд нийт 2 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт хийхээр тооцоолсон бөгөөд энэ нь санхүүгийн сахилга бат, зардлын үр ашигт байдлыг сайжруулахад чухал нөлөөтэй гэж үзэж байна.
Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг бүрэн сайжруулж, тогтвортой түвшинд хүрэх хүртэл цомхон, мэргэжлийн баг ажиллуулах чиглэл өгсөн байна. Цаашид банкыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж, мэргэжлийн удирдлагын баг удирдах үүргийг банкны хувь нийлүүлэгч болон ТУЗ-д албан ёсоор даалгасан юм.
Ийнхүү Хөгжлийн банк засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог шат дараатай сайжруулж, эдийн засгийн хөгжилд чиглэсэн үндсэн үүргээ үр ашигтай, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно.
