Баян-Өлгий аймгийн казах нэршлийг монгол нэршлээр сэргээх шийдвэр гарлаа

2025-12-24 11:301min
20251224-113038-file.jpeg
Засгийн газар Баян-Өлгий аймгийн 319 уул, усны казах нэрийг монгол нэршлээр сэргээхээр шийдвэрлэж, холбогдох хэргүүдийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн талаар мэдээлэв.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн 319 уул, усны казах нэрийг монгол нэршлээр сэргээн нэрлэхээр шийдвэрлэж, УИХ-д тогтоолын төсөл өргөн барихаар боллоо. Засгийн газрын хуралдаан одоо үргэлжилж байна.

Казах иргэд Монгол Улсын уул, гол, горхи, багийн нэрийг казахаар нэрлэж, монголчуудын эртнээс газар нутагтаа оноосон нэрийг мартуулах явдал газар авч байгааг онцлов. Энэ асуудалтай холбоотой хэрэг 2025 оны 5 дугаар сарын 8-нд Улсын дээд шүүхээр эцэслэн шийдэгдсэн юм.

Д.Бауыржан, А.Гылымхан, Д.Ербол, С.Хонаев, А.Камелият, А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, К.Бекжан, Ө.Хуралай, К.Болат, С.Арман, Д.Есболат, Т.Аршагүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэсэн байна. Баян-Өлгий аймгийн ИТХ 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор аймгийн засаг даргын орлогч, Улсын бүртгэлийн газрын дарга, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумдын засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга болон бусад албан тушаалтнуудыг ажлын хэсгийн гишүүдээр баталжээ.

Тэд Баян-Өлгий аймгийн Өлгий, Дэлүүн, Ногооннуур, Сагсай сумдад шинэ баг байгуулахдаа монгол нэр биш, казах нэр өгсөн байна.

Эрүүгийн цагдаагийн алба 2020 онд тус аймгийн ИТХ, засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэлийг шалгаж, газар орны нэр өөрчилснийг тогтоосон бөгөөд дээрх 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16.1 дэх заалтаар яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэж, нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Казах болгосон багийн нэрс нь Өлгий сумын 8-р багийн “Ах хус тау”, 11-р багийн “Бүркит”, 12-р багийн “Жасыл бах”, 13-р багийн “Жанаауыл”, Дэлүүн сумын 2-р багийн “Саралахаз”, Сагсай сумын 2-р багийн “Хол агаш”, 3-р багийн “Ахкорим”, Ногооннуур сумын 6-р баг буюу сумын төвийн нэрийг “Хызылхайын”, 7-р багийн нэрийг “Хосхарагай” гэж нэрлэжээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 23-нд Д.Есболат, Д.Ербол, Т.Аршагүл нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгдэгч Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият, А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, С.Хонаев, К.Бекжан, К.Болат, С.Арман нарыг бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, газар орны нэрийг хууль бусаар өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 14 сая төгрөгөөр тус тус торгосон юм.

А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, С.Хонаев, К.Бекжан, С.Арман нарыг 10 сая төгрөгөөр, К.Болатыг 5 сая төгрөгөөр торгосон байна.

Тэдний эсэргүүцлийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 1 дүгээр сарын 29-нд хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Шүүгдэгчид УДШ-д хандсан ч Улсын дээд шүүх 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр уг хэргийг хэлэлцэхээс татгалзаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хэвээр үлдсэн байна.