“Chinggis Warriors” баг eXTREMESLAND 2025 тэмцээнд түрүүлэв

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын Ази тивийн аварга шалгаруулах eXTREMESLAND 2025 тэмцээн Хятадын Шанхай хотноо дөрвөн өдрийн турш амжилттай зохиогдож, аваргаа тодрууллаа.
Тус тэмцээнд Монгол Улсаас “Eruption” болон “Chinggis Warriors” багууд оролцож, өндөр амжилт үзүүлсэн байна.
“Chinggis Warriors” баг D хэсгээс хоёрдугаар байраар Playoffs шатанд шалгарч, шөвгийн наймд Хятадын “Rare Atom” багийг 2:0, шөвгийн дөрөвт Хятадын “Change The Game” багийг 2:1 харьцаатай хожсон.
Аваргын төлөө тоглолт 2025 оны 12 дугаар сарын 21-ний оройн 19:00 цагт Хятадын “JiJieHao” багийн эсрэг болж, “Chinggis Warriors” баг 2:1 харьцаатай ялалт байгууллаа.
Тоглолтын явцад “Chinggis Warriors” баг эсрэг багийн сонгосон “Dust II” газрын үндсэн цагт дөрвөн үеийн зөрүүтэй хожигдсон ч өөрийн сонгосон “Inferno” газрын хоёр удаагийн нэмэлт үеийг давж хожсон байна. Шийдвэрлэх “Ancient” газрын үндсэн цагт гурван үеийн зөрүүтэй хожсоноор аваргын цомыг хүртэж, 70,000 ам.долларын шагнал авсан.
“Eruption” баг шөвгийн дөрөвт шалгарч, “JiJieHao” багт хожигдсоноор гуравдугаар байр эзэлж, 10,000 ам.долларын шагнал хүртсэн.
Өмнөх eXTREMESLAND 2023 тэмцээнд Монголын “The MongolZ” баг аваргын цом өргөж, 25,000 ам.долларын шагнал авсан билээ.
