Уул уурхайн салбарын идэвхжил шатахууны хэрэглээг нэмэгдүүлж байна

2025-12-21 10:301min
20251221-103024-file.jpeg
Уул уурхайн салбарын идэвхжилтэй холбоотойгоор дизель түлшний хэрэглээ 2024 оны хоёрдугаар хагасаас тогтмол өсөж байна. Монгол Улс өдөрт дунджаар 2200 тонн шатахуун хэрэглэдэг бөгөөд нийлүүлэлт тогтвортой хадгалагдаж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны хэрэглээ нэмэгдэж байгааг уул уурхайн салбарын идэвхжилтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, нүүрсний олборлолт биет хэмжээгээрээ нэмэгдсэн бөгөөд үүний дагуу тээвэрлэлтийн хэмжээ өссөн байна. Тээвэрлэлтийн өсөлт нь дизель түлшний эрэлтийг огцом нэмэгдүүлжээ. Дизель түлшний хэрэглээ 2024 оны хоёрдугаар хагасаас хойш тогтмол өссөөр байна.

Монгол Улс одоогоор өдөрт дунджаар 34-35 вагон буюу ойролцоогоор 2200 тонн шатахуун хэрэглэж байна. Үүний ихэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг болох судалгаа гарчээ. Салбар яамны мэдээллээр АИ-92 автобензины импорт хэвийн үргэлжилж, өдөрт 30 орчим вагон татан авч байна.

Шатахууны нийлүүлэлтийн хувьд “Роснефть” зэрэг үндсэн нийлүүлэгчдийн импортыг тогтвортой хадгалах төлөвтэй байгаа ч нүүрс тээвэрлэлтийн хэмжээ цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Иймд түлшний нөөц болон ханган нийлүүлэлтийн асуудлыг эрэлттэй уялдуулан нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.