Арванхоёрдугаар сарын 22-23-нд цасан шуурга, халтиргаа гулгаа үүснэ

Арванхоёрдугаар сарын 22-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2025 оны арванхоёрдугаар сарын 20-ны 20 цагаас 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй байна. Шөнөдөө Халх голын хөндийгөөр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй бөгөөд бусад нутгаар цас орохгүй.
Ихэнх нутгаар салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -33…-38 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29…-34 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -21…-26 градус хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгороор -23…-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
Багануур орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.
