Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах байгалийн хий дамжуулах хоолойн төслийн талаар хэлэлцэв

2025-12-20 12:001min
20251220-120036-file.jpeg
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хүртэх ашиг, боломжийн талаар талууд санал солилцов.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явц, талуудын оролцоо, Монгол Улсын хүртэх ашиг, боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Монголын талаас уг төсөл нь эдийн засаг, нийгмийн бодит хөгжил, шинэчлэлийг дэмжих стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болохыг онцлон тэмдэглэж, төслийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын хүртэх үр өгөөжийг хамгийн өндөр түвшинд байлгах чиглэлд Засгийн газар онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Оросын талаас төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад байгалийн хийг ахуйн хэрэглээ, айл өрхийн халаалт, тээвэр, цахилгаан станцуудын түлшинд ашиглах бодит боломж бүрдэхийг онцлон тэмдэглэв.

Тус төсөл нь эдийн засгийн өндөр өгөөжтэйгээс гадна Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, шинээр ажлын байр бий болгох зэрэг нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх стратегийн ач холбогдолтой гэж талууд үзэж байна.