Нийслэлд замын хөдөлгөөний хяналтын шинэ нэгж байгуулж, техник хэрэгсэл гардууллаа

2025-12-20 11:301min
20251220-113040-file.jpeg
Нийслэлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ нэгж байгуулж, сүүлийн үеийн техник хэрэгсэл хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээний хүрээнд 360 градусын камер бүхий авто машин ашиглалтад орж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрыг байгуулжээ.

Өнөөдөр тус газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон авто машин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгсэл зэрэг төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

НИТХ-ын дарга А.Баяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт ажилласан юм.

Эдгээр техник, хэрэгслийг Замын хөдөлгөөний хяналтын газрын алба хаагчид чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, мотоцикл, мопед, сурроны хөдөлгөөнд хяналт тавих, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавихад ашиглах боломжтой.

Тодруулбал, өнөөдөр гардуулж өгсөн авто машин нь 360 градусын камерын системтэй бөгөөд зам тээврийн осол, хэв журмын зөрчлийн мэдээллийг камерын хяналтын нэгдсэн төв болон холбогдох албанд шууд дамжуулдаг.

Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ, НИТХ болон НЗДТГ-аас замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор 319 цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинэ нэгж байгуулсан бөгөөд энэ байгууллага хөдөлгөөнт эргүүл хийнэ гэв.

Мөн тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгааг онцлон, энэ нь амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө хийгдэж байгаа ажил болохыг тэмдэглэв.

Хотын дарга замын хөдөлгөөнд оролцогчдод соёлтой оролцож, дүрмээрээ зорчихыг уриалж, ингэснээр хөдөлгөөний хурд нэмэгдэж, хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр нийтээрээ амар тайван, аюулгүй орчин бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 2028 он гэхэд 40 хувиар бууруулах зорилт тавьж байгааг дурдав.