Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны үр дүнгийн талаар Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл хийв

2025-12-20 10:301min
20251220-103030-file.jpeg
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловтой уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 12 дугаар сарын 19-нд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурал соёрхон баталсныг мэдээлж, Оросын тал болон бусад гишүүн орнууд ойрын хугацаанд тус хэлэлцээрийг батлахыг хүлээж буйгаа илэрхийллээ.

Тэрбээр ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүнд байгаа ч Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж байгаад талархал илэрхийлж, өвлийн улиралд бензиний хэрэглээ нэмэгддэг тул нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарахыг хүслээ.

Эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц төслийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр талд ашигтай болохыг онцолж, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах санал гаргав.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов уулзалтын үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг Холбооны хурлын Холбооны Зөвлөл батлахаар төлөвлөж буйг мэдээлэв.

Тэрбээр эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарал хандуулж ажиллахыг илэрхийллээ.

Мөн боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээ тэмдэглэв.

Талууд хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг байхгүй нь иргэдийн зорчих хөдөлгөөн болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг онцолж, шууд нислэгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Ерөнхий сайд Г.Занданшатар комиссын 27 дугаар хуралдааны дүнгээр байгуулсан Протоколыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.