Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн захиралтай уулзаж “Оюутолгой” төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар ярилцав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 11 дүгээр сарын 17-нд “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
Өмнө нь мягмар гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар хатагтай Кейти Жаксонтой цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцсон бөгөөд түүнийг Монгол Улсад ирэх үеэр биечлэн уулзаж хоёр талын байр суурийг бататгалаа.
Талууд “Оюутолгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам гэдэгт санал нэг байгаагаа дахин нотлов. Зээлийн хүүг бууруулах асуудлаар хоёр талын ажлын хэсэг тохиролцоонд хүрсэн байна.
Ерөнхий сайд менежментийн төлбөрийн хэмжээг хэт өндөр, одоогийн аргачлал шударга бус, Монголын талд үр ашиггүй гэж үзэж, олон улсын стандарт, бодит зах зээлийн түвшинд нийцүүлэн бууруулах шаардлагатайг илэрхийллээ.
Мөн “Оюутолгой” компанийн санхүүгийн болон худалдан авалтын ил тод байдлыг хангаж, шударга, нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг мөрдлөг болгох нь урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Рио Тинто компани хоёр талын ажлын хэсгийн хэлэлцээрийг үр дүнд хүргэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, шуурхай хамтран ажиллаж, харилцан ашигтай шийдэлд хүрэхийг зорьж байгаагаа хатагтай Кейти Жаксон илэрхийллээ.
