Монголд анх удаа хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнгөрөгч сард байгуулжээ.
Төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан байна.
Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд 10 га газарт барих бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх юм. Бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Тус үйлдвэр жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм.
Нийслэлийн гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй метан хийг ихээр ялгаруулдаг тул хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргах технологийг нэвтрүүлж байна.
“Urban mining” буюу булсан хогийг ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлэж байгаль экологийг сэргээх ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байгаа бөгөөд энэхүү төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой юм.
Шатаах үйлдвэр зөвхөн Улаанбаатар хотын хогийг шатаахгүй, мөн Төв аймгийн Зуунмод хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаах бөгөөд Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд дарагдсан хогийг ухаж авч, байгаль экологийг бүрэн цэвэрлэхээр төлөвлөжээ.
