“Монгол орны ундны усан дахь уран” бүтээл Төрийн шагналд нэр дэвшиж байна

2025-11-17 11:151min
20251117-111531-file.jpeg
Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн "Монгол орны ундны усан дахь уран" хамтарсан бүтээл нь Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшиж, ундны усны цацрагийн мониторингийн суурь судалгаа болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр зарлиг гаргаж Төрийн шагнал хүртээдэг уламжлалтай бөгөөд энэ шагналд нэр дэвшиж буй бүтээлийг шалгаруулах журамд шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын шилдэг бүтээлд олгохоор заасан байдаг.

2025 оны бүтээлүүдээс Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн “Монгол орны ундны усан дахь уран” нэртэй хамтарсан бүтээлээрээ нэр дэвшиж байна. Энэхүү бүтээл нь гүний усны физик, гидрогеохимийн шинжилгээний үндсэн дээр Монгол орны 304 сум, 3 тосгоны 1000 гаруй дээжийг судалж, ураны тархалт, хүнд элементүүдийн агууламжийг тодорхойлсон юм.

Уг судалгаа нь уран олборлолт, боловсруулалтын үед ундны усны цацрагийн хяналт-шинжилгээний эхлэлийг тавьж, Монгол орны усны цацрагийн одоогийн агууламжийг тогтоосон нь үндэсний хэмжээний анхдагч суурь судалгаа болж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, цөмийн энергийн салбарын бодлого, Франц Улсын Орано майнинг компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй уялдаатай энэхүү бүтээл нь цөмийн энергийн салбарт чухал ач холбогдолтой юм.

Төрийн шагналын анхны хүртэгчид 1946 онд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Э.Оюун, Ш.Нацагдорж нар байв. Төрийн шагнал гурван удаа хүртсэн эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, хошой шагналт зураач О.Цэвэгжав, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, яруу найрагч Д.Сэнгээ, зохиолч Ч.Лодойдамба, Д.Намдаг, түүхч Ш.Нацагдорж, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын нэрс ордог.

Монгол орны ундны усанд агуулагдах ураны тархалтын зураглалыг анх удаа гаргаснаар уг бүтээл нь усны цацрагийн мониторинг хийх суурь материалыг бүрдүүлсэн бөгөөд Монголын Физикийн нийгэмлэгээс өндөр үнэлгээ авсан.

Дэлхийн хөгжингүй орнууд ундны усны цацрагийн түвшинг тогтмол хянадаг бөгөөд Монгол Улсад энэхүү бүтээл нь үндэсний хэмжээний анхдагч суурь судалгаа болж байна.

Сүүлийн жилүүдэд төрийн соёрхол хүртсэн бүтээлүүдэд шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааны бүтээлүүд нэмэгдэж байгааг онцолж байна.