Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын эрх авлаа

Монгол Улс “Милан-Кортина-2026” өвлийн олимпын гурав дахь эрхээ уулын цанын төрлөөр авлаа.
“Милан-Кортина-2026” өвлийн олимпын XXV наадам нээлтээ хийхэд 84 хоног үлдсэн бөгөөд олимпын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна.
Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчин, уулын цаначин А.Ариунбат “Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхээ авсан нь түүхэн амжилт боллоо.
Тэрээр Монголын уулын цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор Дубай хотод болсон олимпын эрхийн тэмцээнд болзол хангасан юм.
А.Ариунбат Дубайн дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан 4 гараатай олон улсын тэмцээнд 6 дугаар байр эзлэн 88.55 оноо, 7 дугаар байр эзлэн 94.94 оноо авч, 2026 оны олимпын эрхийн 5 гарааны дундаж оноо 120 онооноос доош байх шаардлагыг 108.18 оноогоор хангажээ.
Ийнхүү Монгол Улс “Милан-Кортина-2026” өвлийн олимпын гурав дахь эрхээ уулын цанын төрлөөр авсан бөгөөд өмнө нь гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар олимпын эрхээ авсан байв.
