2026 оны төсөвт багш, эмч нарын цалинг нэмэхэд нийт 711 тэрбум төгрөг тусгалаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр буцаагдсан асуудлыг дахин хэлэлцэхээр болж, багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх асуудлаар санал хурааллаа.
2026 оны төсөвт багш нарын цалинг он гаргаад 50 хувиар нэмэгдүүлж, арваннэгдүгээр сарын 1 гэхэд үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэхэд зориулан 518.6 тэрбум төгрөгийг Боловсролын сайдын багцад тусгасан байна.
Мөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд 193 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцад суулгажээ.
Ахмад настны тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар нэмэгдүүлэхэд 145 тэрбум төгрөг, халамжийн тэтгэврийг мөн 8.6 хувиар нэмэгдүүлэхэд 19.5 тэрбум төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлэхэд 29.3 тэрбум төгрөг, илтгээлтийн эзэд тэтгэлэгт зориулж 33 тэрбум төгрөг тус тус төсөвлөсөн байна.
Мөн шатахууны агуулах сав барихад 29 тэрбум төгрөг нэмэлтээр суулгах саналыг дэмжиж шийдвэрлэсэн юм.
Хуралдааны явцад гишүүд асуулт асуухгүйгээр шууд санал хураалгасныг Байнгын хорооны дарга Х.Ганхуяг анхааруулсан бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны дэмжсэн горимын саналуудаар дахин санал хурааж шийдвэрлэхээр төлөвлөж байна.
УИХ 2025 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвийг батлах хууль тогтоомжийн хугацаатай юм.
