Монголын самбочид Киргизийн ДАШТ-ээс хоёр алт, зургаан хүрэл медаль хүртлээ

2025-11-10 13:561min
20251110-135559-file.jpeg

Олон Улсын Самбо Бөхийн Холбоо (FIAS)-ноос зохион байгуулдаг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Киргизийн Бишкек хотод 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ноос 9-нийг дуустал үргэлжиллээ. Монгол Улсаа төлөөлөн үндсэн болон байлдааны самбо төрлөөр 25 тамирчин оролцсон байна.

Монголын тамирчдаас спорт самбын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Л.Сумъяа, пара самбын эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд Г.Чулуунсүх нар алт медаль хүртжээ. Мөн спорт самбын эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Д.Пүрэвдорж, байлдааны самбын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Т.Цогтбаатар, спорт самбын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Н.Баярмаа, байлдааны самбын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Нандин-Эрдэнэ, байлдааны самбын эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Номинтуяа, пара самбын эрэгтэйчүүдийн -98 кг-ын жинд Н.Цэрэнтогтох нар хүрэл медаль хүртсэн байна.

Ийнхүү хоёр алт, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын самбогийн баг медалийн чансаагаар дөрөвдүгээрт жагслаа. Харин FIAS холбооны нэр дээр оролцсон Оросын баг хамгийн олон буюу 21 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн бол Казахстан 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл, Киргиз 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалсан байна.

Нийтдээ 7 улс алтан медаль хүртсэн бөгөөд 27 орон ямар нэгэн медаль хүртсэн аж.