КОП17 хурлын тохижилт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж болно

Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил үргэлжилж байна. Нийслэлээс хурлын авто зам, түр байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэрэгт хариуцлага хүлээж байгаа юм.
КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга мэдээлснээр, хурлын түр байгууламжийн харилцаа холбооны шилэн кабель сүлжээ таталт бүрэн дууссан бөгөөд ус хангамж, ариутгал татуургын системийн суурилуулалтын ажил 88 хувь, цахилгаан хангамж, авто зогсоолын угсралтын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна.
Түр байгууламжийн талбайд нийт есөн нэр төрлийн 4,500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулан тохижуулна. Хурал дууссаны дараа энэхүү талбай нь нийслэлийн иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой ногоон байгууламж болон үлдэх юм.
Энэхүү хурлын үеэр дэлхийн 190 гаруй орны 10,000 орчим төлөөлөгч цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх бөгөөд хурлыг зохион байгуулахад 350 тэрбум төгрөгийн төсөв зарцуулахаар төлөвлөжээ.
