Хүүхдүүд хүний папиллома вирусийн эсрэг вакцины ач тусыг ойлгож, мэдээлэл авсан сургалт зохион байгуулагдлаа

2025-11-07 16:061min
20251107-160636-file.jpeg

Хүний папиллома вирусийн (ХПВ) халдварын эсрэг вакцин, эрүүл мэндийн талаарх сургалтад оролцсон хүүхдүүдийн сэтгэгдлийг хуваалцаж байна. Тэд эмч нарын мэргэжлийн, сэтгэлээсээ хандсан хичээлээс ихийг сурч, вакцины ач холбогдлыг ойлгосноо онцолжээ. Зарим хүүхдүүд вакцин хийлгэхээс өмнө буруу ойлголттой байсан ч сургалтын дараа энэ бодлоо өөрчилж, бусдад ч зөв мэдээлэл түгээхээ илэрхийлсэн байна.

Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдсан уг сургалтад дугуйлангийн сурагчид болон Монголын хүүхдийн зөвлөлийн төлөөлөл оролцсон бөгөөд НҮБ-ын Хүүхдийн зөвлөлийн зөвлөх Д.Нарангэрэл Засгийн газрын 2024 оноос эхлэн ХПВ-ийн вакциныг 11 настай хүүхдүүдэд нэг удаа хийж эхэлсэн тухай танилцууллаа. Хоцорсон хүүхдүүд нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтойг мөн онцолсон юм.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам хүүхдүүдэд халдварт өвчин, вакцины ач холбогдлыг тайлбарлаж, ХПВ зургаан төрлийн хорт хавдраас хамгаалдаг болохыг онцлов. Сургалтын төгсгөлд хүүхдүүд шинэ мэдлэгээ бататгах зорилгоор асуулт хариултын уралдаанд оролцсон байна.

Хүний папиллома вирус нь умайн хүзүүний болон толгой хүзүүний зэрэг зургаан төрлийн хорт хавдрыг үүсгэдэг, нийт насанд хүрэгчдийн 90 хувь нь халдвар авдаг вирус юм. Иймээс 11 наснаас дээш хүүхдүүд вакцин хийлгэх нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.