Арваннэгдүгээр сарын 7-16-нд нутгийн зарим хэсгээр цас орж, салхи ширүүснэ

2025-11-07 17:011min
20251107-170151-file.jpeg

Арваннэгдүгээр сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орж, 8-нд төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын хойд болон зүүн хэсгээр, 10, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12, 15-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метрийн хурдтай, 10, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 11, 14-нд нутгийн төв хэсгээр, 12, 15-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус, өдөртөө +2…+7 градус, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвт арваннэгдүгээр сарын 8-нд ялимгүй цас, 11, 14-нд цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11, 14-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм.

Агаарын температур хугацааны эхээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-20 градус, бусад хэсгээр -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байх бол арваннэгдүгээр сарын 15, 16-нд хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-25 градус, бусад хэсгээр -15…-20 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байх төлөвтэй байна.