Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Ч.Номин нар ‘Монгол хаан’ жүжгийн санхүүжилтийн талаар маргалдав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Тамгагүй төр” болон “Монгол хаан” жүжигтэй холбоотой санхүүгийн баримтуудыг олон нийтэд ил болгож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Ч.Номин сайдын 2024 оны нэгдүгээр сарын 30-ны тогтоолд “Монгол хаан” жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ” гэж баталсан бөгөөд энэ Үндэсний хороог Л.Оюун-Эрдэнэ байгуулсан” гэж мэдэгдсэн юм.
Гэвч Соёлын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номин цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийж, “Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастсан цаас нь санхүүгийн баримт биш” гэж мэдэгдэв. Тэрбээр мөн “Монгол Улсын Олон Улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны гишүүн, төлөвлөгөөг нь баталсан хүний хувьд Монгол Улс хуультай, бодлогын процесс дараалалтай, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын механизмтай гэдгийг сайн мэддэг” гэж онцолсон байна.
Ч.Номин сайд “Тамгагүй төр” жүжигт улсын төсвөөс ямар ч санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй бөгөөд төсвийн мөнгө зарцуулсан нь баримтаар нотлогдсон бол санхүүгийн баримт гаргах байсан гэж тэмдэглэжээ. Мөн улс төрийн зорилгоор, ямар ч баримтгүйгээр худал мэдээлэл тарааж буй Б.Энхбаяр сайдад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
“Монгол хаан” жүжиг Англи Улсад тоглогдох болсон нь Монгол, Англи улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцаж, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Англи дахь Элчин сайдын яам зэрэг холбогдох байгууллагууд бодлогын дэмжлэг үзүүлсэн байна.
Төрөөс явуулж буй бодлого, арга хэмжээ бүрт төсөв шаардлагатай байдаггүй бөгөөд хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран бодлогын ажлыг хэрэгжүүлдэг гэж Ч.Номин сайд онцолжээ. Тэрбээр төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн улстөржүүлж болох, болохгүй асуудлаа ялгаж салгах ёстойг сануулсан байна.
