Нийслэлд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, боловсрол, эрүүл мэндийн үйл ажиллагаа идэвхтэй хэрэгжиж байна

2025-11-07 14:261min
20251107-142615-file.jpeg

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Монгол Улсын нийт хүн амын 49 хувь нь эрэгтэй, 51 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд эмэгтэйчүүд дунджаар 76 насалдаг бол эрэгтэйчүүд 67 насалж байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд жендэрт суурилсан хүчирхийлэлд 87.6 хувь нь эмэгтэйчүүд өртдөг. Ажиллах хүчний оролцооны хувьд 71.4 хувь нь эрэгтэйчүүд, 53.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргах түвшинд 74.6 хувь нь эрэгтэйчүүд, 25.4 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байгаа ч улс төр, парламентын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо Азид манлайлах түвшинд байна.

Монгол Улсад нийт 66.8 мянган өрх толгойлсон бөгөөд үүнээс 54.8 мянга нь ганц бие эх, 11.9 мянга нь ганц бие эцэг юм. Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 4.1 цагийг цалингүй асрах болон гэрийн ажилд зарцуулдаг бол эрэгтэйчүүд 1.7 цагийг зарцуулдаг байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, бодлого чиглэл, зөвлөмжүүдийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга А.Адилбиш танилцуулж, жендэрийн тэгш байдлыг хангах үзэл баримтлал, зарчмыг холбогдох хууль тогтоомжид тусган хэрэгжүүлдэг болохыг онцлов. Мөн байгууллага, ААН-д жендэрийн тэгш байдлыг хангах нь бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулж, ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлдэг гэдгийг тэмдэглэв.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар танилцуулж, 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон төрийн бус 332 сургуулийн 6-12 дугаар ангийн 224 мянга гаруй сурагчид жендэрийн болон эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрт хамрагдаж байгааг мэдээлэв. Суралцагчид эрүүл мэндээ хамгаалах, эрсдэлээс сэргийлэх, олон талт соёлыг ойлгох, нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд оролцох зэрэг мэдлэгийг олж авдаг байна. Нийслэлд 206 сургуульд 241 сэтгэл зүйч ажиллаж, 2025 оны 10 дугаар сарын байдлаар 14,600 сурагч сэтгэл зүйчийн үйлчилгээ авсан бөгөөд сэтгэл зүйчдийг жендэрийн чиглэлээр мэргэшүүлдэг аж.

Хуралдааны төгсгөлд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа нийслэлд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр эдийн засаг, төрийн алба, хөдөлмөр эрхлэлт, соёл, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн харилцааны салбарт аян, сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөг тогтмол зохион байгуулдаг талаар танилцууллаа.