Унгар улсад бакалавр, магистр, докторын түвшинд тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улсын Боловсролын яам болон Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Унгар Улсын Засгийн газрын 2026-2027 оны хичээлийн жилийн “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэлсэн байна.
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг Монгол Улсын Боловсролын сайдын тушаалаар батлагдах ажлын хэсэг зохион байгуулна. Харин хоёр дахь шатны шалгаруулалтыг Унгар Улсын “Темпус” олон нийтийн сан болон суралцуулах сургууль хамтран зохион байгуулж, эцсийн шийдвэрийг “Темпус” олон нийтийн сан гаргана.
Сонгон шалгаруулалтад бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
“Темпус” олон нийтийн сангийн цахим хуудсаас тэтгэлгийн зорилго, төрөл, шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, элсэлтийн шалгалт, хэлний чадвар, шалгаруулалтын хэлбэр, хугацаа болон дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэд холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж, цахим анкетыг зөв бөглөх шаардлагатай бөгөөд өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг цахим хуудсаас татаж авах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт бакалавр, магистр, бакалавр, магистрын хосолсон хөтөлбөр, доктор болон ахисан түвшний дараах мэргэшлийн сургалт багтаж, мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр суралцах боломжтой.
Эх сурвалж: Монгол Улсын Боловсролын яам.
