УИХ Казахстантай тэтгэврийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар Казахстанд Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж, тэднээс 3,115 нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байна. Харин Монгол Улсад Казахстаны 564 иргэн оршин суудаг байна.
Энэхүү хэлэлцээрийн дагуу иргэдэд хоёр гол боломж нээгдэнэ. Нэгдүгээрт, 1998 оноос өмнө Казахстан улсад шимтгэл төлж байсан иргэдийн ажилласан жилүүдийг Монгол Улсын тэтгэврийн тооцоонд нэгтгэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт, 1998 оноос хойш Казахстан улсад шимтгэл төлсөн Монгол Улсын иргэд тухайн хугацаанд ногдох тэтгэврээ Казахстан улсаас буцаан авах эрхтэй болно.
Түүнчлэн хоёр улсын иргэд Монгол болон Казахстанд ажиллаж, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Казахстанаас хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болно.
Жишээлбэл, Монгол Улсын 60 настай эрэгтэй иргэн Монгол Улсад 18 жил, Казахстан улсад 1990-2015 оны хооронд 15 жил ажиллаж шимтгэл төлсөн бол 1998 оноос өмнөх 8 жил, Монгол Улсын 18 жилтэй нийлүүлэн нийт 26 жилээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй болно.
Мөн Казахстан улсад 1998 оноос хойш 7 жил шимтгэл төлсөн иргэн тус улсаас төлсөн шимтгэлтэй уялдуулан хуримтлалын тэтгэвэр тогтоолгож, Монгол Улсад шилжүүлэн авах эрхтэй болохыг хууль санаачлагчид мэдээлсэн юм.
