Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 1160 адуу, 33 үхэр илрүүлжээ

2025-11-05 19:051min
20251105-190520-file.jpeg

Нийслэлийн Засаг даргын 01/6957 дугаар албан бичиг, хотын Ерөнхий менежерийн 2025 оны аравдугаар сарын 29-ний А/161 дүгээр удирдамжийн дагуу нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас сэргийлэх, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулахыг бууруулах, авто замын осол аваар гарах нөхцлийг багасгах зорилготой юм.

Нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1024 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, дүүргүүдийн дэд ажлын хэсэг болон хороодын нийт 767 албан хаагч, 173 машин техник оролцсон байна.

Төвийн зургаан дүүргийн бүс нутагт самналт хийж, хориглосон бүсээс 1160 адуу, 33 үхэр илрүүлж, 748 адууг хашаалан хамгаалжээ. Мөн 28 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.30.3 дахь заалтыг үндэслэн арга хэмжээ авчээ.