Архангай болон бусад аймгуудад 6-8-нд их хэмжээний нойтон цас орж гамшигт үзэгдэл болохыг анхаарууллаа

2025-11-05 18:051min
20251105-180518-file.jpeg

2025 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Архангай аймгийн зүүн хэсэг, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумдын нутгаар 10-20 мм хэмжээтэй нойтон цас орж, гамшигт үзэгдэл болохыг Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран мэдээллээ.

ЦУОШГ-аас мэдээлснээр, 6-нд баруун аймгийн өмнөд, зүүн аймгийн ихэнх нутгаар нойтон цас орж гамшигт түвшинд хүрэх ба говийн аймгууд болон зүүн аймгийн хойд сумдын нутгаар их цас, Төв, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна.

Зарим газарт цасны зузаан 15-20 см хүрч, гуу жалганд илүү зузаан цасан бүрхүүл тогтож болзошгүй бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, эрчим хүчний шугамд мөстөлт үүсэх эрсдэлтэй байна.

Онцгой байдлын алба малчдыг гэрээсээ гарахгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудыг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж, малчдыг малаа ойрхон бэлчээж, цасан шуурганы үед гэртээ ойрхон байхыг зөвлөж байна.

Мөн их цас орох бүс нутгуудад малын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулах талаар иргэдэд байнгын мэдээлэл хүргэх, аймаг, сумдын удирдлагууд малчидтай холбогдох хяналтыг сайжруулахыг албаныхан онцоллоо.