Үндэсний урлагийн их театрын барилгын газар зөвшөөрөл хуульд нийцэж, хөрөнгө оруулалтыг БНХАУ бүрэн хариуцна

2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд Үндэсний урлагийн их театр барихаар газар шийдвэрлэсэн талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.
Тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 970 гаруй га газартай бөгөөд үүнээс 300-400 га нь ундны усны эх үүсвэрийн хамааралтай 218 худагтай гэдгийг онцолсон юм. Үндэсний урлагийн их театрын газрын зөвшөөрлийг “Шинэ зуун айл” худалдааны төвөөс урагш, ундны усны эх үүсвэрт хамааралгүй газар олгосон байна.
Хуулиар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт газрын 85 хувьд ногоон байгууламж, 15 хувьд бусад тохижилт хийхийг зөвшөөрдөг бөгөөд уг театр нь зөвшөөрөгдсөн хэмжээндээ, зөвшөөрөгдсөн байршилд баригдах юм.
Мөн Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхийлөгч хоорондын хэлэлцээрээр Үндэсний урлагийн их театрын 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг БНХАУ бүрэн шийдвэрлэхээр болсон байна.
Усны тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Газрын тухай хууль зэрэг холбогдох хуульд нийтийн зориулалттай дэд бүтцийг зөвшөөрсөн заалтууд орсон бөгөөд эдгээр хуульд нийтийн зориулалттай төрийн үйлчилгээний барилга байгууламжийг хуульчилсан байдаг.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 12.2 болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Үндэсний урлагийн их театрын талаар тодорхой тусгагдсан бөгөөд хуульд нийцсэн төсөл юм.
