Ерөнхий сайд Г.Занданшатар Доншен газрын тос компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, нийт 1.038 сая тонн түүхий тос олборложээ. 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Одоогоор газрын тос олборлох 170 цооногтой бөгөөд энэ онд 56 мянган тонн тос олборлохоор төлөвлөжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, цаашид хайгуул болон олборлолтоо нэмэгдүүлэхийг хүссэн байна. “Доншен газрын тос” (Монгол) ХХК жилд 50,000-60,000 тонн газрын тос олборлож байгаа бөгөөд олборлолтоо 100,000 тоннд хүргэх боломжтой гэж танилцуулжээ.
Гэсэн хэдий ч нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд хуулийн болон бусад хязгаарлалт, бэрхшээл тулгарч байгааг компанийн удирдлагууд онцолсон байна. Тухайлбал, 2012 оноос хойш салбарын болон татварын хэд хэдэн хуульд орсон өөрчлөлтүүд тус компанийн үйл ажиллагаанд нөлөөлж, өнөөдрийн байдлаар 14.5 сая ам.долларын маргаан үүссэн байна. Компанийн зүгээс энэ маргаанд анхаарал хандуулахыг хүсэж байгаа ч Ерөнхий сайд Г.Занданшатар шүүхийн шатанд очсон маргаанд Засгийн газар оролцох боломжгүй бөгөөд хуулийн дагуу шийдвэрлэгдэх болно гэдгээ илэрхийлжээ.
“Доншен газрын тос” (Монгол) ХХК нь БНХАУ-ын SINOPEC групп компанийн удирдлага дор Монгол Улсын эрчим хүч, газрын тосны салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн, хувь нэмрээ оруулах болно гэдгээ илэрхийлсэн байна.
