2025-2026 оны өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв: нутгийн зарим хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, заримд нь дулаан байх төлөвтэй

2025-11-03 12:161min
20251103-121559-file.jpeg

Цаг уурын байгууллагын мэдээллээр 2025-2026 оны өвлийн улиралд Монгол орны цаг агаарын төлөв дараах байдлаар байна.

Нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй бол бусад нутгаар дунджаар байх нь ажиглагдана.

Арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгууд хүйтэн, баруун өмнөд хэсэг дулаан, бусад нутгаар дунджаар байх бол 2026 оны нэгдүгээр сард ихэнх нутгаар дунджаар, харин Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр дулаан байх төлөвтэй байна.

Хоёрдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгуудаар хүйтэн, бусад нутгаар дунджаар байх нь урьдчилсан таамаг болжээ.

Хур тунадасны хувьд арванхоёрдугаар сард төв, зүүн аймгууд олон жилийн дунджаас ахиу, баруун өмнөд хэсэг бага хэмжээтэй байх бөгөөд нэгдүгээр сард баруун аймгуудын нутгийн хойд, зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджаар байх юм.

Арванхоёрдугаар сард Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Архангайн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байна.

Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна.

Нэгдүгээр сард Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр дулаан, бусад нутгаар дунджаар байх бөгөөд хур тунадас Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Сэлэнгэ, Төвийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.

Хоёрдугаар сард Завхан, Хэнтийн ихэнх, Увс, Төвийн зүүн, Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгор, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджаар байх бөгөөд хур тунадас Дорноговь, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.