Замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгоно

Явган хүний зам болон автобусны буудлын орчим автозамын нэгдүгээр эгнээг хааж, автомашинаа бусдын хөдөлгөөнд саад учруулан зогсоосон зөрчлийг иргэд зургаар баталгаажуулан “102” аппликэйшнээр Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлэх боломжтой болжээ.
Энэхүү зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгоно.
Урамшууллыг НӨАТ-ын буцаан олголтын хугацаатай ижил, 2026 оны нэгдүгээр сарын 20-нд 2025 оны сүүлийн хоёр сарын урамшууллыг, дөрөвдүгээр сарын 20-нд эхний гурван сарын урамшууллыг нэг удаа олгохоор тогтсон байна.
Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгууль ногдуулан, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд мэдээлэгч иргэн урамшуулал авах бөгөөд жишээ нь 20,000 төгрөгийн торгууль ногдуулсан бол мэдээлэгч 2,000-4,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой юм.
Хэрэв торгууль хугацаандаа төлөгдөөгүйгээс үнийн дүн өссөн бол урамшуулал өссөн дүнгээс тооцогдох бөгөөд урамшууллын дүнгээс орлогын албан татвар суутган иргэний данс руу шилжүүлдэг байна.
Түүнчлэн зөрчил гаргасан жолооч торгуулиа төлөх хүртэл нэмэгдэл хүү тооцогдох бөгөөд таван сарын дараа 20,000 төгрөгийн торгууль 30,000 төгрөг болж өсдөг. Ийм үед мэдээлэгч иргэнд 6,000 төгрөгийн урамшуулал олгоно.
Хуульд зааснаар явган хүний зам дээр автомашинаа байрлуулах, автобусны зогсоол хааж зогсох, түр болон удаан хугацаагаар зогсох хориотой газарт зогсох зөрчил бүрт 20,000 төгрөгийн торгууль ногдуулдаг байна.
