Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо

Чингэлтэй дүүргийн 300 айл гэр хорооллын ногоон халаалтын системд холбогдож эхэллээ.
Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Голомт банк, Эко Сквер Энержи ХХК хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд гадна агаарыг дулаан болгон хувиргадаг эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж суурилуулж байгаа бөгөөд эдгээр төхөөрөмж нь уламжлалт цахилгаан халаагуураас 3.6-3.8 дахин бага цахилгаан хэрэглэдэг, урсгал зардал багатай, байгальд ээлтэй технологи юм.
Төслийг хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараас 1 хувийг хөнгөлүүлж, уг мөнгөөр нийслэлийн дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжийг олгодог “1 хувийн хөнгөлөлтийн хууль”-ийг анх удаа Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж байна.
Энэхүү хууль нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд татварынхаа тодорхой хэсгийг байгаль орчны болон дэд бүтцийн төсөлд зарцуулах боломжийг олгодог бөгөөд Чингэлтэй дүүргийн төсөл нь нийслэлийн энэ хуулийг хэрэгжүүлсэн анхны жишээ болж байна.
Төслийн хүрээнд агаарын бохирдлын түвшин өндөр бүсэд байрлах 300 хүртэлх айл өрхийг хамруулж, гэрээ бүрэн дулаалсан буюу “дулаан алдалтгүй гэр” батламж авсан айлуудад төхөөрөмж суурилуулж байна.
Одоогоор эхний ээлжийн айлууд төхөөрөмжөө ашиглаж эхэлсэн бөгөөд энэ нь орон нутгийн агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах юм.
