Нийслэл БНСУ-тай агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана

2025-10-31 13:271min
20251031-132736-file.jpeg

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах, дотоод орчны агаарын чанарыг удирдах тогтолцоог бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Талууд харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан хүний болон материаллаг нөөцийг хуваалцаж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад бодлого, технологийн дэмжлэг үзүүлэх, сургалт, мэдээлэл солилцох зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.

Хамтын ажиллагаа дараах үндсэн чиглэлээр хэрэгжинэ: агаарын чанарыг удирдах, сайжруулах технологи болон бодлогын дэмжлэг үзүүлэх; агаарын чанартай холбоотой туршилт, хэмжилтийн төв байгуулах; агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлэх; мэргэжилтэн солилцох, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх; мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа шинжилгээ хийх.

Энэхүү санамж бичиг нь Монгол Улс, БНСУ-ын хооронд агаарын чанарыг сайжруулах чиглэлээр түншлэлийг шинэ шатанд гаргах, хоёр орны байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам болж байна.