Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гал түймэр унтраах ангиудад шинэ автомеханик шатны машин хүлээлгэн өгөв

2025-10-31 14:091min
20251031-140931-file.jpeg

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид 42 метр урттай автомеханик шатны машин хүлээлгэн өглөө.

Энэхүү шинэ техник нь Монгол, Францын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн эхний шатны хүрээнд нийлүүлэгдсэн юм.

Төслийн эхний шатанд 42 метр урттай автомеханик шатны хоёр болон 32 метр урттай автомеханик шатны хоёр машиныг ашиглалтад оруулсан бөгөөд II шатны хүрээнд 42 метр урттай тав, 32 метр урттай арван автомеханик шатны машин, мөн хөөсөөр гал унтраах гурван автомашин нийлүүлэхээр төлөвлөжээ.

Ингэснээр гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт 62.8 хувьд хүрэх тооцоо гарсан байна.

Нийлүүлсэн автомашинуудыг Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн бөгөөд 42 метр урттай автомеханик шатны машин анх удаа Онцгой байдлын байгууллагад нийлүүлж байгаа нь онцлог юм.

Төслийн I үе шат 2019-2022 онд хэрэгжиж, энэ хугацаанд гал түймэр унтраах тусгай зориулалтын 42 автомашин нийлүүлсэн байна.