“Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулж буй “Байгаль экологийн тухай 50 ном” хөтөлбөр эхэллээ

2025-10-31 12:201min
20251031-122041-file.jpeg

“Номын соёлт ертөнц” ТББ нь ном унших сонирхолтой хүүхэд залуусын хүрээг өргөжүүлэх, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор жил бүр “Зорилтот уншигчдын 50 ном” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг уламжлалтай.

2025-2026 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрийг “Байгаль экологийн тухай 50 ном” сэдвийн хүрээнд өрнүүлж байна. Байгаль орчны тулгамдсан асуудал, экологи, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийг номын хэлээр уран сайхны болон шинжлэх ухаанч байдлаар уншигчдад хүргэж, байгальд ээлтэй сэтгэлгээг төлөвшүүлэх, унших дадлыг хөгжүүлэх нь төслийн үндсэн зорилго юм.

Хөтөлбөрийн хугацаа нь 2025 оны 5 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд бүтээлүүдийг 2026 оны 4 дүгээр сард хүлээн авна.

Төсөлд 500 гаруй оролцогчдын бүтээлч тэмдэглэлийг хүлээн авах бөгөөд ЕБС-иудад уншлага удирдах календарийг хүсэлтийн дагуу түгээнэ. Мөн ЕБС-ийн номын санчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, анги даасан багш нартай хамтран ном унших санаачилгыг өрнүүлэх зорилготой.

Шилдэг “50 уншигч”-ын подкаст бүтээл гаргаж, үзэсгэлэн, үр дүнгийн нэгдсэн тайлан, цахим сурталчилгааны багц гаргана. “Ном уншдаг, байгальд хайртай уншигч”-ийн эерэг дүр төрхийг олон нийтэд төлөвшүүлнэ.

Шалгарсан багуудын бүтээл, үйл ажиллагаагаар “Номын ертөнц” сэтгүүлд тусгай сурвалжилга бэлтгэн хэвлүүлнэ. Хэвлэн нийтлэгчид ном уншиж буй суралцагчдын бүтээлтэй танилцах боломжийг бий болгоно.

“Номын баяр”-аар уралдааны шилдгүүдийг алдаршуулна.

Агуулга ба арга хэлбэр нь бүтээлч тэмдэглэл, подкаст, үзэсгэлэн, сурталчилгаа зэрэг хэлбэрээр илэрхийлэгдэх бөгөөд шагнал, урамшуулал нь дараах байдлаар зохион байгуулагдана:

– 1 дүгээр байр: Үнэ бүхий зүйл, 3,000,000₮-ийн номын эрх
– 2 дугаар байр: Үнэ бүхий зүйл, 2,000,000₮-ийн номын эрх
– 3 дугаар байр: Үнэ бүхий зүйл, 1,000,000₮-ийн номын эрх
– Тусгай байр: /5 оролцогч/ Тус бүр 500,000₮-ийн номын эрх
– Шилдэг 50 оролцогч: Подкаст, дурсгалын зүйл

Холбоо барих: 96962686, ubbookfair@gmail.com