БАХРЕЙН 2025: Азийн залуучуудын наадмаас манай тамирчид 4 медаль хүртжээ

2025-10-27 09:001min
alt

Бахрейнд Азийн залуучуудын III наадам эхэлсэн билээ. Энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх тус наадмаас одоогийн байдлаар Монгол Улс 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна.

Тодруулбал холимог тулааны төрлөөр охидын 60 кг-ын жинд Б.Өлзийтнаран мөнгөн медаль зүүв. Ингэснээр тэр Азийн залуучуудын наадмаас Монгол Улсын түүхэнд анхны мөнгөн медалийн эзэн боллоо.

Манай Улс өмнө нь гурван хүрэл медаль хүртэж байсан түүхтэй юм.

Түүнээс гадна хөвгүүдийн 75 кг-ын жинд Ж.Бямбасүрэн, муай боксын төрөлд хөвгүүдийн 54 кг-ын жинд М.Бямбацогт, таеквондогийн төрөлд хөвгүүдийн 73 кг-ын жинд Б.Бэлгүтэй нар хүрэл медалийн эзэд болов.

Бахрейны наадмаас одоогийн байдлаар БНХАУ-ын баг 34 алт, 24 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж буй.

Узбекистан 14 алт, 5 мөнгө, 9 хүрэл хүртсэн амжилтаар удаалж байгаа бол Тайланд 13 алт, 12 мөнгө, 5 хүрэл, Иран 9 алт, 9 мөнгө, 19 хүрэл, Казахстан 9 алт, 8 мөнгө, 18 хүрэл медальтайгаар эхний тавд жагсаж байна.

Одоогийн байдлаар 23 улс алт, 35 улс ямар нэгэн медаль хүртсэн бол манай улс Афганистантай ижил амжилтаар 27 дугаар байранд жагсаж явна.