Монгол Улсын Их Хурлын 13 дахь дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь чөлөөллөө

2025-10-17 16:011min
amarbayasgalan

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох өргөдлийг дэмжих санал хураалт боллоо.

Санал хураалтад 114 гишүүн оролцож, 102 нь түүнийг огцруулах нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцорсонд тооцож, дараагийн дарга сонгогдох хүртэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болов.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах үеийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдсан билээ. Тэгвэл Д.Амарбаясгалангийн огцрох өргөдлийг хэлэлцэх хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж удирдан явуулахаар болж байна.

Учир нь УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн зүгээс дэд дарга Х.Булгантуяа хэт нэг талыг барин хэлэлцүүлэг удирдаж байгаа нь зохимжгүй гэв.

Түүнчлэн долоо хоногийн өмнө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах үүднээс Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцруулах хуралдааныг бүлгээс сонгогдсон дэд дарга Б.Пүрэвдоржоор удирдуулах шаардлага тавьсан байна.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж парламентын даргын индэрт гарч суусныхаа дараа “Хэт хоёр талдаа гарчихсан байгаа МАН-ыг эвлэрэх хооронд энэ суудалд би сууж байна. Та бүхэн эвтэй болсны дараа би суудлаас буугаад та нар удирдаж болно. Энэ суудлаас аливаа нэг талд гарсан шийдвэр ярих, хэн нэгний үг хэлэх эрх чөлөөнд халдаж болохгүй” гэв.
14:09 2025/10/17

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа.

Үргэлжлүүлэн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох өргөдлийг хэлэлцэж байна.

Д.Амарбаясгалангийн тус өргөдлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурлаар гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.