Япон улсад 42 жилийн дотор зуны улирал гурван долоо хоногоор уртассаныг тогтоожээ

- Япон улсад зуны улирал 1982 оноос 2023 оны хооронд гурван долоо хоногоор уртассан гэх дүгнэлтийг судлаачид гаргаснаа Бямба гарагт танилцуулжээ.
Мие Их сургуулийн судлаачдын тооцооллоор уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тус улсад зуны улиралд тооцогддог өдрүүдийн тоо нэмэгдсэн бол өвлийн улирал бараг өөрчлөгдөөгүй, хавар, намрын улирал богиноссон гэх үр дүн гарсан байна.
Дэлхийн дулаарлаас үүдэлтэй далайн усны гадаргын температурын өсөлт үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл болжээ.
Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл зун болон өвлийн улирлууд улам уртсахыг анхааруулсан байна.
Японы Цаг Уурын Хүрээлэн ямар нэг температурын хязгаар заалгүйгээр зургаагаас наймдугаар сарыг зуны улиралд тооцдог.
Судлаачид Хоккайдо арлаас эхлээд Кюүшү арал хүртэл Японы бүх нутаг дэвсгэрийг 200 орчим бүсэд хувааж, 42 жилийн хугацааны зуны улирлын дээд температурын дунджийг тооцоолжээ.
Ингэхдээ бүс тус бүрийн зуны дээд, доод температураар зуны өдрийг тодорхойлох үндсэн хэмжүүрийг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл зуны улирлын эхлэл төгсгөлийг хуанлийн сараар бус, жилийн дундаж температураас давсан болон буурсан өдрүүдээр тогтоожээ.
Ингэхэд бүх 200 бүс нутагт 42 жилийн дараа зун дунджаар 12.6 өдрөөр эрт эхэлж, 8.8 өдрөөр орой дуусдаг болсон нь харагдсан байна.
Өөрөөр хэлбэл зуны улирлын үргэлжлэх хугацаа 42 жилийн өмнөхөөс дунджаар 21.4 өдрөөр уртасжээ.
Тухайлбал 1982 оны зун зургаадугаар сарын 29-нд эхэлж, есдүгээр сарын 28-нд дууссан буюу 92 хоног үргэлжилсэн байна.
Гэтэл 2023 онд зургаадугаар сарын 11-нээс аравдугаар сарын 9 хүртэл 121 хоног үргэлжилжээ.
Азийн эх газраас ирж буй халуун агаар жил бүр Японы арлуудад хүрэхдээ далайн мандал дээр хөрдөг байсан бол сүүлийн жилүүдэд далайн гадаргын температур өссөнтэй холбоотой хөргөж чадахаа больсон нь зун уртсах шалтгаан болж буйг Мие Их сургуулийн байгаль орчны судалгааны тэнхимийн профессор Ёшихиро Тачибана тайлбарласан байна.
Эх сурвалж: Kyodo News