АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден хорт хавдрын эсрэг цацраг туяаны эмчилгээнд орж эхэлжээ

2025-10-13 09:301min
baiden

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдартай болсноо зарлаж байв.

Тэгвэл түүнийг хорт хавдрын эсрэг цацраг туяаны болон дааврын эмчилгээнд орж эхэлснийг хэвлэлийн төлөөлөгч нь өчигдөр буюу Бямба гарагт мэдээлжээ.

82 настай ерөнхийлөгч асны биед түрүү булчирхайн хорт хавдрын хүндэрсэн хэлбэр илэрч, яс руу нь тархсаныг тавдугаар сард хийсэн шинжилгээгээр тогтоож байсан юм.

2015 онд Байдены ууган хүү тархины хорт хавдрын улмаас нас барж байжээ.

Жо Байдены эрүүл мэнд түүний ерөнхийлөгчөөр ажилласан хугацааны сүүлийн нэг жилд эрчимтэй муудаж байв.

Үүний улмаас тэр 2024 оны долдугаар сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарах шийдвэрийг зарласан юм.

Тэрбээр өөрийнхөө оронд Ардчилсан Намаас дэд ерөнхийлөгч Камала Харрисын нэрийг дэвшүүлж байв.

Гэвч Харрис ялагдсанаар Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп хоёр дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгч болсон.

Америкийн Хавдрын Нийгэмлэгийн тоо баримтаас үзвэл түрүү булчирхайн хорт хавдар нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл өвчлөл юм.

Ялангуяа өндөр настнуудын дунд хамгийн түгээмэл илэрдэг бөгөөд 80-аас дээш насны эрэгтэйчүүдийн 80 орчим хувийн түрүү булчирхайд хорт хавдрын эсүүд ямар нэг хэмжээгээр үүссэн байдаг гэнэ.

Эрт илрүүлсэн тохиолдолд эмчлэх бүрэн боломжтой ч Америк эрчүүдийн хорт хавдрын нас баралтын хоёр дахь гол шалтгаан болдог байна.

Эх сурвалж: AFP