Б.Уянга: Орон даяараа л газрын ховор элемент зэрэг нарийн мэргэжлийн асуудлыг ярьдаг боллоо. Мэргэжилтнүүддээ орон зайг нь өгөх хэрэгтэй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах хэлэлцүүлэг болж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Уянга “Орон даяараа л газрын ховор элемент, нарийн мэргэжлийн асуудлыг ярьдаг боллоо. Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал эсвэл Ашигт малтмал газрын тосны газар нь иргэдийгээ урдаа суулгаж байгаад сонсохын оронд ингэж дэвэргэж байгаад харамсаж байна.
Уул уурхай, геологийн асуудал бол нарийн мэргэжилтнүүдийн хийх ёстой ажил юм. Гэтэл бид мэргэжилтнүүддээ итгэхгүй байна. Тэдэнд орон зайг нь өгч, хариуцлагын үүрүүлэх хэрэгтэй байна. Хүн хардах эрхтэй ч гүтгэж болохгүй.
Хуулиа цаг үетэйгээ нийцүүлэх ёстой байна. Миний бие хэсэг гишүүдтэйгээ нийлээд Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж байна. Уул уурхайн салбарын үр өгөөж гэж юуг хэлдэг талаар тодорхойлолт манай хууль эрх зүйн орчинд алга. Нөлөөллийн бүс, нөлөөлөлд өртөж байгаа иргэн гэсэн тодорхойлолт байхгүй байна. Иймд чухал ашигт малтмалын төслийг төр дэмжих ёстой. Гэхдээ яаж дэмжих, ямар үр өгөөж авах тухай хуулийн төсөлдөө тусгаж боловсруулж байгаа мөн санал авч байна” гэж байр сууриа илэрхийлэв.