Ипотекийн зээлд 400 тэрбум төгрөгийг он дуустал олгоно

Энэ онд Монголбанк, Хуримтлалын сан болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.2 их наяд төгрөгийн 6 хувийн ипотекийн зээл гаргахаар байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдээлсэн юм.
Олон улсын байгууллагууд Төв банк төсвийн шинжтэй санхүүжилт хийхгүй байхыг зөвлөсөөр байгаа тул Монголбанк ипотекийн санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсээр ирсэн. Тиймээс орон сууцны санхүүжилтэд дагнасан тусгай банк байгуулах санаачилга яригдаж байгаа ч ойрын нэг хоёр жилд хэрэгжих боломжгүй байна.
Засгийн газрын зүгээс уг банкийг 2026 онд байгуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажлын хэсэг ажиллуулж эхэлжээ. Тэр болтол ипотекийн зээл хуучин журмаар үргэлжлэх юм.
2025 оны долоодугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 10.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Сард дунджаар 1000 гаруй иргэн ипотекийн зээл авч байгаа нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгджээ. Энэ оны эхний найман сард нийтдээ 6200 гаруй иргэнд 800 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Монголбанк, арилжааны банкууд болон Хуримтлалын сан хамтран энэ онд нийт 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл гаргахаар төлөвлөснөөс одоогоор 800 тэрбум төгрөгийг зээлдүүлээд байгаа тул үлдсэн 400 тэрбумыг он дуустал олгох тооцоотой байна. Ипотекийн зээлийн жилийн хүү 6 хувь бөгөөд урт хугацаатай олгогддогоороо иргэдийн хувьд хамгийн таатай нөхцөлтэй санхүүгийн хэрэгсэл хэвээр байна. Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэр хязгаарлагдмал учраас хүссэн бүх иргэн хамрагдах боломжгүй хэвээр байгаа нь гол хүндрэл болжээ.
Нэмж дурдахад, ипотекийн зээлийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 137 мянган иргэн хамрагдаж, 9.9 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.