Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж өмнөх оныхоос буурчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний найман сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил танилцуулав.
Ой, хээрийн түймэр 2025 оны эхний 8 сард 227 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 136 (2.5 дахин)-аар өссөн байна. Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс харахад ой, хээрийн түймэр 2015 онд хамгийн олон буюу 354 удаа бүртгэгджээ.
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний 8 сард 3 828 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 155 (4.2%)-аар өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 572.2 (2.9%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 18.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 818.1 (4.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 8 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 44.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 (6.5%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 2.8 (13.9%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Орон сууцны үнийн индекс 2025 оны 8 дугаар сард 1.33 болж, өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна. Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар, өмнөх сараас 2.2 хувиар харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар тус тус өсжээ.