Ерөнхий сайд Г.Занданшатар: Тэд ядуурлын шугамны дээр дөнгөн данган дэнжигнэж байна

2025-08-18 13:00
533664834_1287261502767954_9108232627020872690_n
Г.Занданшатар: Төрд ажиллахгүйгээр юухан хийхэн хийж амьдрал ахуйгаа залгуулж буй маш олон төрлийн ажил, бараа, үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, аж ахуй нэгжүүдийг жижиг дунд бизнес эрхлэгч нар гэдэг. Малчин, үсчин, ногоочин, худалдаачин, таксичин, үйлдвэрлэгч нар, гар урчууд гээд тоймгүй олон жижиг дунд бизнес улс оронд бий. Эдгээр хүмүүст төрд лобби хийх хүч чадал, хөрөнгө мөнгө байхгүй ч том аж ахуйнуудаа тэтгэх их хүч, татварын бааз суурь болж өгдөг.
 
Учир нь том аж ахуйнуудынхаа борлуулалтыг худалдан авагч, хэрэглэгч нар нь юм. Жижиг, дунд бизнес эрхлэгч нар нь хэдий орлого мөнгө сайтай, ажил нь урагштай байх тусам улс орны сайн сайхан төдий их болно. Ганц жишээ дурдьяа. Монгол улсын төсвийн 48 хувийг топ 100 аж ахуй нэгж татварын орлогоороо бүрдүүлж байна! Дахиад ийм 100 аж ахуйтай болоход Монгол улсын бусад хувь хүн, аж ахуй нэгжүүдээсээ татвар аваад байх хэрэггүй. Дахиж ийм 100 аж ахуй нэгж хаана бий болох вэ гэвэл орлого сайтай жижиг, дунд бизнес эрхлэгч нарын нуруун дээр мөн экспортын өндөр орлого дээр үүснэ. Орлого ашиг сайтай жижиг дундчуудыг нийгмийн чинээлэг дундаж давхарга гэж нэрлэх нь ч бий.
 
Жижиг, дунд бизнес эрхлэгч нараа дэмжиж, эдийн засгийн орчныг нь байдаг чадлаараа сайн байлгах нь гадаад улсуудын засгийн газар бүрийн ариун үүрэг, НОМЕР НЭГ асуудал байна!!! Манай үе үеийн засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгч нараа олон жил хэрэгсэхгүй хаяж, том аж ахуйнуудынхаа лоббинд идэгдэж, хурал хийх болгондоо янаглалцаж биесдээ сайхан үг шидэлцэж, цаг үрсээр өнөө хэдээ татвар, зээлийн хүү, ханш уналтаар бөмбөгдөж, жижиг дунд бизнес хөгжүүлэх санд тавьсан хэдэн төгрөгийг нь УИХ-ын гишүүд нь хувааж хулгайлснаар өнөөдрийн үр дүнд хамгийн хоцрогдсон технологитой, өр ширэндээ таталдсан, уур уцаар ихтэй, ядарсан, нунж дорой нийгмийн нэгэн хэсэг болжээ. Тэд ядуурлын шугамны дээр дөнгөн данган дэнжигнэж байна. Харин энэ хугацаанд Төр нь таргалж, ЖДБ нь хэвтэрт орлоо.
 
Америкийн, Хятадын, Японы, Европын засгийн газарт мега төслийн яам байхгүй. Харин Жижиг, дунд бизнесийг дэмжих яам, хороо, сайд бол зөндөө бий. Том аж ахуй нэгжүүд угаасаа л лобби сайтай, хөрөнгө хүч ихтэй, улс төрчдийг санхүүжүүлдэг тул тэднийг засгин газрууд бодлогынхоо цөмд тавьдаггүй нь тэр юм. Бизнесийн орчин сайжруулах гэхээр аанай л өнөө хэдээ дуудаад сууж харагдах юм. Олонх чинь орлогогүй мөнгөгүй байхад хэдэн улстөрч, том аж ахуй нэгжүүд мега төсөл яриад урагшаа алхахгүй ээ!!!
 
Яг эсрэг зүгт зөв зам бий!!!