Даалин урлаач Ж.Гэрэлмаа: Миний дотроо бодож явдаг зорилгын нэг биеллээ олсонд үнэхээр их баяртай байгаа.

2025-08-11 12:51
68995bee20a50

Завхан аймгийн Тэлмэн суманд төрж өссөн. Одоо Сэлэнгэ аймгийн Сайхан суманд амьдарч, тус сумын ЕБ-ийн нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багшаар ажилладаг Даалин урлаач Ж.Гэрэлмаа нь Х.Баянмөнх аваргад дайлан урлаж бэлэглэсэн.

Энэ тухайгаа тэрбээр ийнхүү ярьсан байдаг. Тэрбээр “Би амьдралыг таньж мэдэх болсон цагаасаа аавтайгаа хамт Монголын радиогоор үндэсний бөхийн барилдааныг шимтэн сонсдог байлаа. Тэгээд барилдааны тайлбарыг сонсоод дэвтэртээ бичдэг байв. Хөдөөгийн малчин айлд, бөхөд хайртай гэр бүлийн охин болон төрсөндөө баярладаг. Энэ нь монгол бөхөө хүндэлдэг, дээдэлдэг болоход нөлөөлсөн байх.

Энэ жил Увс аймгийн 100 жилийн ой тохиож байгаа. Домогт арван Баядын Их аварга Х.Баянмөнх улсын баяр наадамд арван удаа түрүүлсэн байдаг. Зөвхөн үндэсний бөхөөр биш, бусад олон төрлөөр тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан хүчтэн шүү дээ” хэмээв.

Аугаа хүний алдар сууг алгын чинээ даалинд багтаана гэдэг амаргүй. Гэхдээ л аваргын бүхий л амжилтыг багтаахыг хичээж, даалингаа зүү ороон урлажээ.

Даалингийн голын дугуй хэсэгт Х.Баянмөнх аваргын нэрийг угалзан эвхмэлээр бичин, гурван давхар зүү ороожээ. Нэрийнх нь дотор талд “Хорлоо” хэмээх овгийг нь оёж өгсөн байна.

Харин дөрвөн өнцөгт нь “Даяар дуурсагдах, далай, даян, дархан” гэх түүний цол чимгийг хатгаж, голд нь улсын баяр наадамд түрүүлсэн онууд, нэг буланд нь “Чөлөөт бөхийн дэлхийн аварга”, ”Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор”, харин нөгөө буланд нь “Хагас зуун жилийн ганцаардал… Миний ялалт”, “Монгол бөхийн 725 мэх” зэрэг аваргын бичсэн номынх нь нэрийг хүртэл багтаажээ.

Мөн хоёр талын эмжээр дээр нь “ХХ зууны манлай бөх”, “АИХ-ын депутат”, “ОХУ-ын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт” зэргийг оёж, даалингийн амсар дээр нь “Хөдөлмөрийн баатар” цолыг нь мөн урласан байна.

Ж.Гэрэлмаа монгол хэл, бичгийн багш учраас бүгдийг нь монгол бичгээр бичиж, зүү ороож урласан нь улам нарийн гоёмсог болгожээ.

Тэрээр сэтгэлээ шингээн урласан бүтээлээ аваргад гардуулан өгөхөд, аварга шууд л хөөргөө даалинд хийчихсэн гэнэ. Ийм даалин оёод өгнө гэдэг ямар их сэтгэл вэ хэмээн баярласан гэсэн.

Ж.Гэрэлмаа хэлэхдээ “Миний дотроо бодож явдаг зорилгын нэг биеллээ олсонд үнэхээр их баяртай байгаа. Би дээшээ харсан сав хоосон өгдөггүй гэдэг ардын ухаанаа бодож хуучны тавтын дэвсгэрт хийж өгсөн. Тэр мөнгөн дэвсгэрт дээр жанжин Д.Сүхбаатарын хөрөг байдаг шүү дээ.

Х.Баянмөнх аварга их жанжинтай нэг өдөр төрсөн юм билээ. Бүх зүйл бэлгэдлээр бүтдэг, зүгээр нэг учрал тавилан гэж байдаггүй. Хүнд зүгээр нэг даалин оёж өгөхгүй шүү дээ. Бүх юм судалгаа, шинжилгээтэй байх ёстой шүү” хэмээн ярьжээ.