Монгол хүүхдүүд олон улсын зургаан хичээлийн олимпиадаас дараах амжилтуудыг гаргажээ

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагчид мөнгөн шагнал, нэг багшид ₮150 саяын орон сууцны эрхийн бичиг олгожээ
Энэ жил нийслэлийн ЕБС-ийн сурагчид зургаан хичээлээр олон улсын олимпиадад оролцож, амжилт гаргасан.
Тодруулбал математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн олимпиадад Монгол Улсыг төлөөлөн 20 сурагч оролцож, бүгд амжилт гаргаж, тусгай байраас алтан медаль хүртэл амжилт үзүүлээд буй. Тэднийг хотын дарга шагнажээ.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж, алтан медальд хүргэсэн 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламж өгсөн бол олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид 3 сая, мөнгөн медаль хүртсэн сурагчдад 2 сая, хүрэл медаль хүртсэн сурагчдад 1 сая төгрөг, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгийн батламжийг гардуулж өгчээ.
2026 оноос эхлэн олон улсын олимпиадад оролцохоор шалгарсан сурагчдын тухайн улс руу нисэх хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдвэрлэхээр болсон байна.
Түүнчлэн нийслэлийн ЕБС-ууд олон улсын олимпиадад сурагчдаа тогтмол амжилттай бэлтгэдэг байхад дэмжлэг болох зорилгоор “Ирээдүй” цогцолбор сургуулийг хоёр тусдаа болгон өргөжүүлж байгаа бөгөөд нэг сургуулийг нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож шинэчлэхээр болжээ.
Олон улсын олимпиад нь дэлхийн улс орнуудын шилдэг суралцагчдыг тодорхой шинжлэх ухаан, математик, технологи, хэл шинжлэл зэрэг чиглэлээр оюуны өрсөлдөөн явуулдаг тэмцээнүүд юм. Эдгээр олимпиад нь ихэвчлэн жил бүр зохион байгуулагддаг бөгөөд тухайн чиглэлээр хамгийн чадварлаг суралцагчдыг шалгаруулах зорилготой. Жишээ нь олон улсын математикийн олимпиад анх 1959 оноос Румын улсад эхэлж байсан бөгөөд Монгол Улс 1967 оноос хойш оролцож эхэлсэн байна.
Монгол хүүхдүүд олон улсын зургаан хичээлийн олимпиадаас дараах амжилтуудыг гаргажээ.
Олон улсын Математикийн олимпиадад 110 орны 610 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын 11-р сургууль, Сант, Шинэ-Үе сургуулийн 6 суралцагч оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль
Олон улсын Физикийн олимпиадад 87 орны 415 суралцагч оролцсон. Монгол Улсаас МУИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургууль, НЕБ-ын 1-р сургууль, Сант, Абсолют элит сургуулийн 5 суралцагч оролцож, 2 мөнгө, 3 хүрэл медаль
Олон улсын Биологийн олимпиадад 77 орны 298 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Монгол тэмүүлэл сургуулийн 2 суралцагч оролцож, 1 хүрэл медаль, 1 тусгай байр
Олон улсын Химийн олимпиадад 90 орны 354 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Шинэ монгол, Бага тэнгэр сургуулийн 4 суралцагч оролцож, 4 мөнгөн медаль
Олон улсын Мэдээлэлзүйн олимпиадад 87 орны 330 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Эрхэт эрдэм сургуулийн 1 суралцагч оролцож, 1 мөнгөн медаль
Олон улсын Газарзүйн олимпиадад 23 орны 107 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Шинэ үе, Гёте сургуулийн 2 суралцагч оролцож 2 хүрэл медалийн амжилтыг тус тус үзүүлжээ.