Хаягдал И-баримтыг цэгцэлнэ

2025-08-11 10:16
120dab00759a083fe29cd2111ae6209b_x3

Иргэд зах, худалдааны байгууллагад худалдан авалт хийсэн ч И-баримтыг авч чадахгүй байдал гарсаар байна.

Иргэд И-баримтаа уншуулан, 2 хувийн татварын буцаан олголт авдаг. Ингэхдээ цаасан И-баримт бүдэг, дутуу хэвлэгдэх зэрэг асуудлаас үүдэж баримтаа бүртгүүлэлгүй орхих тохиолдол элбэг гарсаар байна. Мөн баримт хэвлэж өгөхгүй үйлчилгээний байгууллага олон байсаар байна. Зах, худалдааны багууллагад И-баримт өгөх нь ховор болжээ. Энэ талаар албаныхан байр сууриа илэрхийлж, И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлээд байна.

Ингэснээр цаасан И-баримтыг халж, автоматаар бүртгэгдэн, иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэх боломжтой гэж албаныхан мэдэгдлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санаачилга гаргаж, хэрэгжүүлэхээр болсон талаар мэдэгдсэн. Тэрээр УИХ-ын даргаар ажиллаж байхдаа  2023 оны аравдугаар сард энэ санаачлагыг анх гаргаж байжээ. Тухайн үед 150 мянган иргэн дэмжиж байсан. Энэ удаа Ерөнхий сайд Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санаачилга дахин гаргаж, үе шаттайгаар ажил хэрэг болгоно гэдгээ хэллээ.

ИРГЭД И-БАРИМТАА БҮРЭН АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА

Татварын ерөнхий газраас 2025 оны II улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг 1292851 иргэнд 83.4 тэрбум төгрөг шилжүүлжээ. Энэ удаагийн буцаан олголтоосоо газар, үл хөдлөх хөрөнгө болон бусад татварт мөн шилжүүлэг хийсэн байна. Татварын ерөнхий газраас И-баримт аппликейшнээр дамжуулан иргэн тус бүрийн төлөх татварын мэдээллийг хүргэж сонголт хийх боломжийг олгож эхэлсэн. Энэ дагуу бүртгэлд хамрагдсан иргэдээс цөөн хувь нь азар, үл хөдлөх хөрөнгө болон бусад татварт шилжүүлгийг хийжээ.

Иргэд зах, худалдааны байгууллагад худалдан авалт хийсэн ч И-баримтыг авч чадахгүй байдал гарсаар байна. Хаягдал И-баримт их гарч тэр хэрээр иргэд буцаан олголтод хамрагдаж чадахгүй боллоо. Ялангуяа зах, худалдааны байгууллагад энэ асуудал өдөр бүр давтагдсаар байна. Худалдан авалт хийсний дараа И-баримт нэхдэг ч “манайх И-баримт” байхгүй гэдэг асуудал олширлоо. Энэ хэрээр иргэд захаас худалдан авалт хийсэн ч И-баримтгүй буцаж байна. Үүний цаана хаягдал И-баримт бүртгэлгүй байсаар байна.