Хүүхэд холбогдсон зөрчлийн 47%-ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил эзэлжээ

Прокурорын байгууллага хүүхэд холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судалжээ.
Хүүхэд холбогдсон нийт 2,718 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс
65.2 хувь нь орон нутагт
34.8 хувь нь нийслэлд гарсан байна.
Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг 229, Баянзүрх дүүрэг 151, Чингэлтэй дүүрэг 129, орон нутгийн хэмжээнд Баянхонгор аймаг 221, Увс аймаг 202, Дорнод аймаг 187 гомдол, мэдээлэл шалгагдсан нь хамгийн их байна.
2024 онд хүүхэд холбогдсон нийт 2,400 зөрчил бүртгэгдсэнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 1,254, иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих 729, хүний биед халдах 134, хулгайлах 49, танхайрах 45, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах 42, хуурамч дуудлага мэдээлэл өгөх 42, хүүхдийн бие махбодод халдах 40, Эд хөрөнгө устгах, гэмтээх 29, бусад 36 зөрчилд хүүхэд холбогджээ.
Хүүхэд холбогдсон нийт зөрчлийн 46.8 хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон”, 30.4 хувийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” зөрчил тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.
Хүүхэд холбогдсон нийт 2,400 зөрчлийг шийдвэрлэлтийн байдлаар авч үзвэл
2,053 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн
91 зөрчилд шийтгэл оногдуулж
241 зөрчлийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай шүүхэд хүргүүлж
15 холбогдогчийг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Насанд хүрээгүй хүүхэд холбогдсон зөрчлийн холбогдогчийн нас, хүйс, боловсролын байдлыг судлахад
14-оос доош насны 126
14-16 насны 1,293
17-18 насны 1,122
Мөн эрэгтэй 2,007, эмэгтэй 534 хүүхэд зөрчлийн холбогдогч болжээ.
Боловсролын хувьд тусгай 17, боловсролгүй 58, бага боловсролтой 171, бүрэн дунд боловсролтой 365, бүрэн бус дунд боловсролтой 1,930 хүүхэд байна.
Зөрчил үйлдэгдсэн газрыг судлахад гудамж талбай, олон нийтийн газарт 1,232, сургууль цэцэрлэгийн орчинд 91, гэр бүлийн орчинд 96 зөрчил, бусад газар 252 зөрчил үйлдсэн бол өдрийн цагаар 1,765 зөрчил, шөнийн цагаар 635 зөрчил тус тус үйлдэгджээ.
2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар хүүхэд холбогдсон нийт 1,658 зөрчил бүртгэгдсэнээс
замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 1,133
Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих 254
хүний биед халдах 87
танхайрах 48
хулгайлах 31
олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах 28
хүүхдийн бие махбодод халдах 21
эд хөрөнгө устгах, гэмтээх 14
хуурамч дуудлага мэдээлэл өгөх ес болон бусад 33 зөрчилд хүүхэд холбогджээ.
Насанд хүрээгүй хүүхдүүдээс үйлдсэн зөрчлийн дийлэнх хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил эзэлж байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой байна.
Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж буй шалтгаан нөхцөл нь Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор өөрийн биеэр улсын бүртгэлд бүртгүүлж, иргэний үнэмлэх авах хуулийн заалт болон уг үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл хүлээлгэдэг талаар мэддэггүй, эцэг, эхийн хариуцлагагүй байдал зэрэг нөлөөлж байна.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар