Дугуйт цанын “Азийн цом”-оос Э.Ариунтунгалаг хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Пёнчан хотод наймдугаар сарын 4-6-ны өдрүүдэд дугуйт цанын насанд хүрэгчдийн “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн боллоо. БНХАУ, БНСУ, Тайвань, Тайланд, Монгол, Казахстан, Филиппин гэсэн долоон орон оролцсон тэмцээн ойр, холын зайн төрлүүдээр явагдаж аваргуудаа тодруулсан байна.
Тэмцээний сүүлийн өдөр болсон эмэгтэйчүүдийн 10 км сонгомол зайн бөөн гараатай уралдаанд Э.Ариунтунгалаг хүрэл медаль хүртжээ. Тэрбээр өмнөх хоёр зайд дөрөвдүгээр байрт орсон ба гараанд амжилттай уралдаж, Тайвань, БНСУ-ын тамирчдын ард медальт байранд орсон аж. Энэ зайд манай тамирчдаас 10 км-ын тэшилт зайн уралдаанд хүрэл медаль хүртсэн Н.Нандинцэцэг долоодугаар байр эзэлсэн бол Т.Ариунболд 10, Б.Номин-Эрдэнэ 12-р байрт оржээ. Нийт 24 тамирчин уралдсанаас Тайвань, БНСУ, Монголын тамирчид медальт байрыг эзэлсэн байна.
Харин эрэгтэйчүүдийн 15 км сонгомол техникийн бөөн гараатай уралдаанд БНХАУ, БНСУ-ын тамирчид медалийн эзэд болсон бол Б.Ачбадрах дөрөвдүгээр байр эзэлжээ. Т.Өсөх-Ирээдүй 9-р байр, О.Золбаяр 14, А.Хүслэн 24-р байрт орсон амжилтыг үзүүлсэн аж. Нийт 52 тамирчин гараанаас гарснаас Монголын хоёр тамирчин эхний 10-т багтав.
Б.Ачбадрах 15 км тэшилт техникийн уралдаанд хүрэл медаль хүртсэн бөгөөд бусад зайд дөрөв, тавдугаар байр эзэлж баг тамирчдаа тэргүүллээ. “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч БНСУ-ын баг тэргүүлж, Тайвань, БНХАУ, Казахстаны баг удаалав. Монголын баг гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр тавдугаар байр эзэллээ.
Дугуйт цанын дараагийн “Азийн цом” цуврал тэмцээн ирэх аравдугаар сард Казахстан улсад болно.